2026 оны 02 дугаар сар
Мэдээ, мэдээлэл
ТӨСЛИЙН БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр “Хөдөө орон нутгийн иргэд, ялангуяа эмзэг нөхцөлд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн мэдээлэл, дэмжлэг, нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлж, уур амьсгалаас үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх” нь төслийг Завхан, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул, Төв аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооны дарга Б.Отгончимэг нар Завхан аймгийн Дунд шатны хорооны төслийн хэрэгжилтийн үйл явцтай танилцан, сургалт зохион байгуулав.
Томилолтын баг, Дунд шатны хорооны сургагч багш нартай хамтран “Гамшиг, онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэнд”, Гамшиг, онцгой байдлын үеийн нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг” үзүүлэх мэдлэг олгох шаталсан сургалтыг зохион байгуулж, эцэг, эхийн төлөөлөл болон сургуулийн дотуур байрны хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүллээ. Сургалтад төсөлд хамрагдсан оролцогчид болон аймгийн Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын 1, 4-р сургуулийн багш нар, дурын идэвхтнүүд хамрагдлаа.
www.redcross.mn
Made with FlippingBook Ebook Creator